Thursday, October 5, 2017

Лекц-8 ЗАХИРГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОЙЛГОЛТ, ТӨРӨЛ

Улс орны дотоодод хууль, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий захиргааны байгууллагын үйлдлийг төрийн захиргааны үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлбэл, эрх зүйн шинжээс үл хамааран гадагш эсвэл дотогш чиглэсэн нийтийн захиргааны бүх үйлдлийг захиргааны үйл ажиллагаа хэмээн нэрлэж болно.  Тухайлбал:
·         Нийтийн ба хувийн эрх зүйн
·         Эрх зүйн үр дагавартай ба эрх зүйн үр дагаваргүй
·         Гадагш ба дотогш үйлчилдэг
·         Нийтлэг ба тухайлсан
·         Нэг талын ба хоёр талын
Эндээс үзэхэд захиргааны үйл ажиллагаа гэдэг нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, эрх бүхий албан тушаалтантай холбогдсон ойлголт болох нь илэрхий байна. Учир нь чухам эдгээр эрх бүхий этгээд нь төрийн гадаад дотоод чиг үүргийг өдөр тутам хэрэгжүүлж гүйцэтгэн-захирамжлах үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Захиргааны үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Захиргааны үйл ажиллагааг энгийн, тусгай захиргааны үйл ажиллагаа гэхчлэн ангилах тохиолдол байна.
Хууль зүйн сурах бичгүүдэд захиргааны үйл ажиллагааг нэгдүгээрт обьектод үзүүлэх захиргааны нөлөөлөл гэж үзэх тусагдахууны хандлага, хоёрдугаарт гүйцэтгэх эрх мэдлийн шатлан захирах бүтэцтэй холбон тайлбарлах арга хэрэгслийн хандлага гэсэн хоёр талаас авч үздэг. Гэхдээ захиргааны үйл ажиллагаанд энэ хоёр шинж бүрнээ давамгайлах бөгөөд аль нэг талыг нь хэлтгийлэн авч үзэх учир дутагдалтай.
Захиргааны үйл ажиллагааг ихэвчлэн төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтантай холбон үзэх явдал түгээмэл байна. Ингэх нь бүрэн үндэстэй юм.
Захиргааны үйл ажиллагаа дараах төрөлтэй. Үүнд:
·         Захиргааны акт
·         Захиргааны гэрээ
·         Захиргааны дотоод журам
·         Захиргааны бусад үйлдэл /бодит акт/
·         Захиргааны хэм хэмжээний акт


No comments:

Post a Comment