Monday, October 2, 2017

ЛЕКЦ-3 ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ЗОХИЦУУЛАХ ЗҮЙЛ, ТОГТОЛЦОО

Захиргааны эрх зүйн тухай ойлголт шинжлэх ухааны төвшинд XIX-XX зууны зааг үед бий болсон гэж үздэг. Хэдий энэ мэт боловч захиргааны эрх зүйн угтвар хөгжил болох цагдаагийн эрх зүй XVI зууны үед камералистик ухааны хүрээнд үүссэн. Энэ үеийн гол төлөөлөгчид нь Г. Обрехт, М. Оссе, Е. Фон Зонненфельс, Р. Моль, И. Пюттер, Л. Фон Штэйн, И. Юсти нарын хүмүүс юм. Цагдаагийн эрх зүй нь улс орны дотоодод хэв журмыг хангах, гадны халдлагаас улсын аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээгч дотоод удирдлага буюу цагдаагийн удирдлагад онцгой анхаарал хандуулж байсан бөгөөд уг удирдлагын харилцааг зохицуулах хэм хэмжээ гэдэг утгаар ойлгогдож байжээ. Харин XIX зуун гэхэд уг ухааныг “захиргааны эрх зүй” гэх өнөөгчилсөн ойлголтоор илэрхийлэх бас ойлгох болсон. Энэ үндсийг цүглэгчдийн нэг нь Германы хайв эрдэмтэн, Страусбург, Лейпцигийн Их Сургуулийн профессор Отто Майер (Otto Mayer), түүний “Германы захиргааны эрх зүй(Deutsches Verwaltungsrecht, 1895-1896) нэрт бүтээл болно.
Захиргааны эрх зүй гэдэг нь төрийн удирдлага, гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжих явцад захиргааны эрх зүйн субьектууд харилцан хамтран ажиллах, захиргааны үйл ажиллагаа тодорхой хэлбэр, аргаар өрнүүлэх, хариуцлага хүлээх, хяналт шалтгалт хийгдэхтэй холбогдон үүссэн нийгмийн харилцааг зохицуулагч эрх зүйн хэм хэмжээний тогтолцоот нийлбэр мөн (Долгорсүрэн, 2001 он, хууд. 17).  Захиргааны эрх зүй хичээлийн хүрээнд захиргааны эрх зүйн хүрээнд орших зүй тогтлыг судлах уг шинжлэх ухааны үүсэл, хөгжил, үндсэн ойлголт, тэдгээрийн харилцан хамаарлын авч үзэх болно. Захиргааны эрх зүйн шинжлэх ухаан XIX-XX зууны зааг үед эрх зүйн баялаг уламжлал бүхий Европын Англи, Франц, Герман мэтийн орнуудад үүсвэрлэсэн. Хөгжлийн явцад өнөөгийн төрхөө олсон байна.
Шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд захиргааны эрх зүйн харилцаагаар зохицуулагдах нэгэн төрлийн удирдлагын харилцаа захиргааны эрх зүйн зохицуулах зүйл болдог. Өргөн хүрээнд авч үзвэл улсын салбарын болон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны алба хашихтай холбогдсон харилцааг зохицуулах хэм хэмжээ, захиргааны үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй холбогдож зөвхөн нийтийн ашиг сонирхлын байгууллага, төрийн удирдлагын хүрээнд үүсч буй нийгмийн харилцааг зохицуулдаг эрх зүйн бүрдүүлбэр болно.
Захиргааны эрх зүйн зохицуулах зүйлийг дараах байдлаар ангилах боломжтой. Үүнд:
·                     Гүйцэтгэх эрх мэдлийн зорилт, чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдах харилцаа:
·                     Нутгийн захиргааны байгууллагатай холбогдон үүсэх удирдах харилцаа:
·                     Хууль тогтоох, шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хооронд үүсэх дотоод зохион байгуулалтын шинжтэй удирдах харилцаа:
·                     Төрийн бус болон нийтийн эрх ашгийг байгууллага хооронд эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдах харилцаа зэрэг болно.
Захиргааны эрх зүйн зохицуулах зүйл дараах аргаар дамжин хэрэгжинэ. Үүнд:
·                     Засаглан захирах арга:
·                     Зохицох арга:
·                     Зөвшин тохирох арга:
·                     Тэгш харилцах арга болно.

Эх сурвалжийн жагсаалт

Долгорсүрэн, Ж. (2001 он). Монгол улсын захиргааны эрх зүй, захиргааны процессын ажиллагаа. Улаанбаатар хот.


No comments:

Post a Comment