Thursday, October 5, 2017

ЛЕКЦ- 5 ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ

Захиргааны эрх зүй, мөн чанарын үндэс болсон суурь үзэл санаа, чиглүүрийг захиргааны эрх зүйн зарчим гэж нэрлэнэ.
Захиргааны эрх зүйн зарчим дараах онцлог шинжтэй. Үүнд:
·         Захиргааны эрх зүйн хууль зүй мөн чанарыг тодорхойлдог:
·         Захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр дамжин хэрэгждэг:
·         Захиргааны эрх зүйн шинэ хэм хэмжээ бий болгоход чиглүүр болж өгдөг:
·         Улс, нийгмийн хөгжлийн төвшинг нөхцөлдүүлж өгдөг:
·         Захиргааны эрх зүй дэх зохицуулалтын хийдлийг багасгаж өгдөг зэрэг болно.
Захиргааны эрх зүйн зарчимд дараах зүйл багтана. Эдгээрт:
·         Ардчилсан зарчим: ард түмэн засаг төрийн байгууллагыг эмхлэн байгуулахад оролцоод зогсохгүй хуулийг бүтээх, хэрэгжүүлэх үйл явцад оролцох эрхтэй гэдэгт энэ зарчмын мөн чанар оршино. Хууль бүтээх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ард түмэн шууд эсвэл сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох эрхтэй. Тэрчлэн хууль хэрэгжүүлэх үйл явц нээлттэй, ил тод, ард түмний хяналттай явагдана.
·         Хууль дээдлэх зарчим: удирдлагын харилцааны субьектууд нь үндсэн хууль, түүнээс улбаалсан салбар хууль тэрчлэн эдгээрт нийцүүлж гаргасан аливаа захиргааны эрх зүйн хэм хэмжээнд захирагдах, сахин биелүүлэх үүрэгтэй гэдэгт энэ зарчмын мөн чанар оршино:
·         Төр, иргэн харилцан хариуцлага үүрэглэх зарчим: захиргааны эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд төр, иргэн харилцан эрх тэгш хариуцлага үүрэглэх болно. Хэрэв төрийн албан хаагчид захиргааны эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн бол тэд мөн хариуцлага хүлээнэ.
·         Төрийн байгууллын суурь үндсийг хүлээн зөвшөөрөх зарчим: ямар төрийн байгуулалтай улс байна, тэр хүрээнд захиргааны эрх зүйн хэм хэмжээ боловсруулагдаж бас хэрэгжиж байх ёстой.
·         Хүмүүнлэг, энэрэнгүй байх зарчим: удирдлага, захиргааны үйл ажиллагааны чанарыг үнэлэхдээ хүний эрх, эрх чөлөөг тэргүүн зэрэгт тавьж байх ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн үнэт зүйлийг бүхнээс дээгүүрт авч үзнэ гэсэн үг юм.
·         Шударга байх зарчим: удирдлага, захиргааны субьектуудын хооронд харилцааны нийтлэг бөгөөд нийцтэй шаардлага тавигддаг байх нь энэ зарчмын суурь юм. 
·         Хууль, шүүхийн өмнө иргэд харилцан эрх тэгш байх зарчим: удирдлага, захиргааны харилцааны хүрээнд үндэс, угсаа, яс, арьс өнгө, хэл яриа, үүсэл, хөрөнгийн болон албан тушаалын байдал, оршин суугаа газар, шашин шүтлэг, итгэл бишрэл үл харгалзан харилцан эрх тэгш байх хэрэгтэй.
Ерөнхийд нь үйтгэж хэлэхэд захиргааны эрх зүйн зарчмыг хэрэгжүүлэх дараах хоёр үндсэн арга байна. Үүнд:
·         Эрх зүйн хэм хэмжээний зүйл нэг бүрт оруулах бичвэрчилсэн арга:
Эрх зүйн хэм хэмжээнд агуулгын хувьд уялгачлан оруулах утгачилсан арга байна.

No comments:

Post a Comment