Thursday, October 5, 2017

ЛЕКЦ-7 ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА: ОЙЛГОЛТ, БҮТЭЦ, ТӨРӨЛ

Төрийн удирдлагын хүрээнд бий болох захиргааны эрх зүйгээр зохицуулагдах нэгэн төрлийн удирдлагын харилцааг захиргааны эрх зүйн харилцаа гэж нэрлэдэг. Захиргааны эрх зүйн харилцаа нь ерөнхий эрх зүйн харилцааны нэг төрөл болохын хувьд тэдгээрт байх нийтлэг шинжийг өөртөө агуулдаг. Үүний хамт захиргааны эрх зүйн харилцаа нь чухам өөрт байх тодорхой онцлог шинжүүдтэй байдаг. Эдгээрт:
— нийгмийн амьдралын хүрээ, тэр дундаа төрийн удирдлага, гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагааны хүрээнд илэрдэг:
— обьект нь хүмүүсийн үйлдэл, зан үйл болж байдаг:
— гүйцэтгэх эрх мэдлийн юм уу улсын эрх мэдлийн шинж чанартай бүрэн эрх бүхий өөр субьектын оролцоонд тулгуурлан хэрэгждэг:
— харилцаанд оролцогчдын аль нэг талын санаачлагаар үүсч болох ч хоёрдогч талын эрх ашгийг заавал тусгасан байх албагүй:
— захиргааны эрх зүйн харилцаа нь шүүхээс ангид захиргааны журмаар шийдвэрлэгддэг:
— захиргаагны эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд төрийн нэрийн өмнөөс төрийн байгууллагаар дамжуулж гэм буруутай этгээдэд хариуцлага үүрүүлдэг.
Захиргааны эрх зүйн харилцааны эдгээр онцлог шинж нь түүнийг иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, санхүүгийн эрх зүй гэх мэт эрх зүйн бусад салбар хэм хэмжээгээр зохицуулагддаг харилцаанаас зааглан авч үзэх боломж олгодог. Эрх зүйн бусад харилцааны нэгэн адил захиргааны эрх зүйн харилцаа тодорхой бүтэц дээр тогтдог. Эдгээр бүтцэд захиргааны эрх зүйн харилцааны обьект, субьект, хууль зүйн факт орно. Захиргааны эрх зүйн харилцаанд үүрэг хүлээж, эрх эдлэх этгээдийг субьект гэнэ. Субьектэд дараах эрх бүхий этгээд орно. Үүнд:
    Монгол улсын иргэн:
    Гадаадын иргэн, харьяалалгүй хүн:
    Төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан:
    Нийгмийн нэгдэл, эвлэл, холбоод:
    Төрийн өмчит аж ахуйн нэг, үйлдвэрийн газар:
    Нутгийн захиргааны байгууллага, эрх бүхий этгээд орно.
Монгол улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар иргэн хүн мэндлэхдээ захиргааны эрх зүйн субьектийн чадамтай болдог бол хуулийн этгээд хуульд заасан үндэслэлээр бүртгэгдсэн тохиолдолд захиргааны эрх зүйн харилцааны чадамжит субьект болно. Харин төрийн албан хаагчийн хувьд тухайн албан тушаалд орсон цагаасаа эхлэн захиргааны эрх зүйн харилцааны субьект болно. Захиргааны эрх зүйн хэм хэмжээний зохицуулах ерөнхий обьект нь бусад эрх зүйн хэм хэмжээний нэгэн адил нийгмийн харилцаа байдаг бол шууд обьект нь талуудын үйлдэл, зан үйл болдог. Захиргааны эрх зүйн харилцаа болгонд оролцогчид тодорхой эрх эдлэж үүрэг хүлээдэг.
Хууль зүйн факт гэдэг нь захиргааны эрх зүйн харилцаа дуусгавар болох, өөрчлөгдөх, үүсэх үндэслэл юм. Онолд түүнийг нийцтэй болон нийцгүй хууль зүйн факт гэж ангилдаг.
Захиргааны эрх зүйн харилцаа хүмүүсийн үйлдлээр төдийгүй хууль зүйн ач холбогдол бүхий тодорхой үйл явдал (Төрөх, тодорхой насанд хүрэх, үхэх, онц байдал зарлах гэх мэт) бий болоход хүртэл үүсч байдаг.  Гэхдээ эдгээр тохиолдол бүрт захиргааны эрх зүйн харилцаа хүмүүсийн хүсэл сонирхлоос хамаараад байдаггүй.
Захиргааны эрх зүйн харилцааг оролцогчдын эрх, үүргийн харилцаа, хууль зүйн факт үүсч буй шинж чанар, агуулга, хамгаалалтын арга зэргээр ангилж болдог.
Агуулгын хувьд захиргааны эрх зүйн харилцааг материалын болон процессийн гэж ангилдаг.
Оролцогчдын эрх, үүргийн харилцаанд тулгуурлан нэг нь нөгөөдөө захирагдсан харилцаа, нэг нь нөгөөдөө үл захирагдах харилцаа гэж хоёр томоохон бүлэгт ангилдаг.
Хууль зүйн факт үүсч буй шинж чанараар нь нийцгүй хууль зүйн фактаар өдөөгдсөн, нийцтэй хууль зүйн фактаар өдөөгдсөн гэж хоёр ангилна.  Хамгаалах аргаар нь захиргааны талаас хамгаалагдсан, шүүхийн талаас хамгаалагдсан гэж хоёр ангилдаг.
 

No comments:

Post a Comment