Thursday, October 5, 2017

ЛЕКЦ-9 ЗАХИРГААНЫ АЛБАДЛАГА

Захиргааны албадлага гэдэг нь нийгмийн хэв журмыг хангах, улсын аюулгүй байдлыг бий болгох зорилгоор эрх бүхий субьектаас захиргааны эрх зүйд тулгуурлан бие махбод, сэтгэл санааны болон эд материалын нөлөөлөл үзүүлэх төрийн удирдлагын аргыг хэрэглэнэ.
Захиргааны албадлага нь бусад төрлийн албадлагаас дараах зүйлээр онцлог байдаг. Үүнд:
·         Захиргааны эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлана:
·         Хувь хүн, хуулийн этгээдэд нэгэн адил үйлчилнэ:
·         Салбар эрх зүйн бусад хүрээний нэгэн адил нийгмийн хэв журмыг хангах зохицуулалтын механизм болно:
·         Хууль болон хуульд нийцүүлж гаргасан журам тогтоолд тулгуурлана:
·         Эрх бүхий субьект захиргааны албадлага хэрэгжүүлнэ:
·         Захиргааны албадлагын тогтолцоо дотроо олон төрөл, зүйлтэй:
·         Их төлөв захиргааны үйл ажиллагаанд хэрэгжинэ:
·         Эрх зүйн зөрчил гаргасан болон гаргахаар завдаж буй этгээдэд нэгэн адил үйлчилнэ:
·         Нийгмийн хэв журмыг хангах, улсын аюулгүй байдлыг бий болгоход чиглэгдэнэ.
Захиргааны албадлага дараах зорилготой. Эдгээрт:
·         Эрх зүйн хэм хэмжээ зөрчих, энэ үйлдлээс урьдчилан сэргийлэх:
·         Эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн этгээдийг илэрүүлэх:
Хэм хэмжээ зөрчигдөж буй онцлог, шинжээр нь бие махбодын, эд материалын болон байгууллагын гэж захиргааны албадлагыг ангилдаг. Хэрэгжүүлж буй субьектаар нь хамтын болон ганц субьектын гэж ангилна. Ямар хэм хэмжээг үндэс болгосноор нь хууль тогтоомжид тулгуурласан, журам тогтоолд тулгуурласан гэж хуваана. Нөлөөллийн хүрээгээр нь байгууллагын доторх болон эрх мэдлээс гадуур гэж хоёр хуваадаг.
Захиргааны албадлага дараах үе шаттай. Эдгээрт:
·         Эрх зүйн нөхцөл байдлыг үнэлж дүгнэх:
·         Захиргааны албадлагын аргаа сонгох:
·         Захиргааны албадлагын сонгосон аргаа баримтжуулах:
·         Захиргааны албадлага хэрэглэх тухай шийдвэр гаргах:
·         Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх:

·         Захиргааны албадлага хэрэглэсэн үр нөлөөг нягтлах зэргийг нэрлэж болно. 

Лекц-8 ЗАХИРГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОЙЛГОЛТ, ТӨРӨЛ

Улс орны дотоодод хууль, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий захиргааны байгууллагын үйлдлийг төрийн захиргааны үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлбэл, эрх зүйн шинжээс үл хамааран гадагш эсвэл дотогш чиглэсэн нийтийн захиргааны бүх үйлдлийг захиргааны үйл ажиллагаа хэмээн нэрлэж болно.  Тухайлбал:
·         Нийтийн ба хувийн эрх зүйн
·         Эрх зүйн үр дагавартай ба эрх зүйн үр дагаваргүй
·         Гадагш ба дотогш үйлчилдэг
·         Нийтлэг ба тухайлсан
·         Нэг талын ба хоёр талын
Эндээс үзэхэд захиргааны үйл ажиллагаа гэдэг нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, эрх бүхий албан тушаалтантай холбогдсон ойлголт болох нь илэрхий байна. Учир нь чухам эдгээр эрх бүхий этгээд нь төрийн гадаад дотоод чиг үүргийг өдөр тутам хэрэгжүүлж гүйцэтгэн-захирамжлах үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
Захиргааны үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Захиргааны үйл ажиллагааг энгийн, тусгай захиргааны үйл ажиллагаа гэхчлэн ангилах тохиолдол байна.
Хууль зүйн сурах бичгүүдэд захиргааны үйл ажиллагааг нэгдүгээрт обьектод үзүүлэх захиргааны нөлөөлөл гэж үзэх тусагдахууны хандлага, хоёрдугаарт гүйцэтгэх эрх мэдлийн шатлан захирах бүтэцтэй холбон тайлбарлах арга хэрэгслийн хандлага гэсэн хоёр талаас авч үздэг. Гэхдээ захиргааны үйл ажиллагаанд энэ хоёр шинж бүрнээ давамгайлах бөгөөд аль нэг талыг нь хэлтгийлэн авч үзэх учир дутагдалтай.
Захиргааны үйл ажиллагааг ихэвчлэн төрийн захиргааны байгууллага, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтантай холбон үзэх явдал түгээмэл байна. Ингэх нь бүрэн үндэстэй юм.
Захиргааны үйл ажиллагаа дараах төрөлтэй. Үүнд:
·         Захиргааны акт
·         Захиргааны гэрээ
·         Захиргааны дотоод журам
·         Захиргааны бусад үйлдэл /бодит акт/
·         Захиргааны хэм хэмжээний акт


ЛЕКЦ-7 ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА: ОЙЛГОЛТ, БҮТЭЦ, ТӨРӨЛ

Төрийн удирдлагын хүрээнд бий болох захиргааны эрх зүйгээр зохицуулагдах нэгэн төрлийн удирдлагын харилцааг захиргааны эрх зүйн харилцаа гэж нэрлэдэг. Захиргааны эрх зүйн харилцаа нь ерөнхий эрх зүйн харилцааны нэг төрөл болохын хувьд тэдгээрт байх нийтлэг шинжийг өөртөө агуулдаг. Үүний хамт захиргааны эрх зүйн харилцаа нь чухам өөрт байх тодорхой онцлог шинжүүдтэй байдаг. Эдгээрт:
— нийгмийн амьдралын хүрээ, тэр дундаа төрийн удирдлага, гүйцэтгэн захирамжлах үйл ажиллагааны хүрээнд илэрдэг:
— обьект нь хүмүүсийн үйлдэл, зан үйл болж байдаг:
— гүйцэтгэх эрх мэдлийн юм уу улсын эрх мэдлийн шинж чанартай бүрэн эрх бүхий өөр субьектын оролцоонд тулгуурлан хэрэгждэг:
— харилцаанд оролцогчдын аль нэг талын санаачлагаар үүсч болох ч хоёрдогч талын эрх ашгийг заавал тусгасан байх албагүй:
— захиргааны эрх зүйн харилцаа нь шүүхээс ангид захиргааны журмаар шийдвэрлэгддэг:
— захиргаагны эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд төрийн нэрийн өмнөөс төрийн байгууллагаар дамжуулж гэм буруутай этгээдэд хариуцлага үүрүүлдэг.
Захиргааны эрх зүйн харилцааны эдгээр онцлог шинж нь түүнийг иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, санхүүгийн эрх зүй гэх мэт эрх зүйн бусад салбар хэм хэмжээгээр зохицуулагддаг харилцаанаас зааглан авч үзэх боломж олгодог. Эрх зүйн бусад харилцааны нэгэн адил захиргааны эрх зүйн харилцаа тодорхой бүтэц дээр тогтдог. Эдгээр бүтцэд захиргааны эрх зүйн харилцааны обьект, субьект, хууль зүйн факт орно. Захиргааны эрх зүйн харилцаанд үүрэг хүлээж, эрх эдлэх этгээдийг субьект гэнэ. Субьектэд дараах эрх бүхий этгээд орно. Үүнд:
    Монгол улсын иргэн:
    Гадаадын иргэн, харьяалалгүй хүн:
    Төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан:
    Нийгмийн нэгдэл, эвлэл, холбоод:
    Төрийн өмчит аж ахуйн нэг, үйлдвэрийн газар:
    Нутгийн захиргааны байгууллага, эрх бүхий этгээд орно.
Монгол улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар иргэн хүн мэндлэхдээ захиргааны эрх зүйн субьектийн чадамтай болдог бол хуулийн этгээд хуульд заасан үндэслэлээр бүртгэгдсэн тохиолдолд захиргааны эрх зүйн харилцааны чадамжит субьект болно. Харин төрийн албан хаагчийн хувьд тухайн албан тушаалд орсон цагаасаа эхлэн захиргааны эрх зүйн харилцааны субьект болно. Захиргааны эрх зүйн хэм хэмжээний зохицуулах ерөнхий обьект нь бусад эрх зүйн хэм хэмжээний нэгэн адил нийгмийн харилцаа байдаг бол шууд обьект нь талуудын үйлдэл, зан үйл болдог. Захиргааны эрх зүйн харилцаа болгонд оролцогчид тодорхой эрх эдлэж үүрэг хүлээдэг.
Хууль зүйн факт гэдэг нь захиргааны эрх зүйн харилцаа дуусгавар болох, өөрчлөгдөх, үүсэх үндэслэл юм. Онолд түүнийг нийцтэй болон нийцгүй хууль зүйн факт гэж ангилдаг.
Захиргааны эрх зүйн харилцаа хүмүүсийн үйлдлээр төдийгүй хууль зүйн ач холбогдол бүхий тодорхой үйл явдал (Төрөх, тодорхой насанд хүрэх, үхэх, онц байдал зарлах гэх мэт) бий болоход хүртэл үүсч байдаг.  Гэхдээ эдгээр тохиолдол бүрт захиргааны эрх зүйн харилцаа хүмүүсийн хүсэл сонирхлоос хамаараад байдаггүй.
Захиргааны эрх зүйн харилцааг оролцогчдын эрх, үүргийн харилцаа, хууль зүйн факт үүсч буй шинж чанар, агуулга, хамгаалалтын арга зэргээр ангилж болдог.
Агуулгын хувьд захиргааны эрх зүйн харилцааг материалын болон процессийн гэж ангилдаг.
Оролцогчдын эрх, үүргийн харилцаанд тулгуурлан нэг нь нөгөөдөө захирагдсан харилцаа, нэг нь нөгөөдөө үл захирагдах харилцаа гэж хоёр томоохон бүлэгт ангилдаг.
Хууль зүйн факт үүсч буй шинж чанараар нь нийцгүй хууль зүйн фактаар өдөөгдсөн, нийцтэй хууль зүйн фактаар өдөөгдсөн гэж хоёр ангилна.  Хамгаалах аргаар нь захиргааны талаас хамгаалагдсан, шүүхийн талаас хамгаалагдсан гэж хоёр ангилдаг.
 

ЛЕКЦ- 5 ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ

Захиргааны эрх зүй, мөн чанарын үндэс болсон суурь үзэл санаа, чиглүүрийг захиргааны эрх зүйн зарчим гэж нэрлэнэ.
Захиргааны эрх зүйн зарчим дараах онцлог шинжтэй. Үүнд:
·         Захиргааны эрх зүйн хууль зүй мөн чанарыг тодорхойлдог:
·         Захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр дамжин хэрэгждэг:
·         Захиргааны эрх зүйн шинэ хэм хэмжээ бий болгоход чиглүүр болж өгдөг:
·         Улс, нийгмийн хөгжлийн төвшинг нөхцөлдүүлж өгдөг:
·         Захиргааны эрх зүй дэх зохицуулалтын хийдлийг багасгаж өгдөг зэрэг болно.
Захиргааны эрх зүйн зарчимд дараах зүйл багтана. Эдгээрт:
·         Ардчилсан зарчим: ард түмэн засаг төрийн байгууллагыг эмхлэн байгуулахад оролцоод зогсохгүй хуулийг бүтээх, хэрэгжүүлэх үйл явцад оролцох эрхтэй гэдэгт энэ зарчмын мөн чанар оршино. Хууль бүтээх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ард түмэн шууд эсвэл сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох эрхтэй. Тэрчлэн хууль хэрэгжүүлэх үйл явц нээлттэй, ил тод, ард түмний хяналттай явагдана.
·         Хууль дээдлэх зарчим: удирдлагын харилцааны субьектууд нь үндсэн хууль, түүнээс улбаалсан салбар хууль тэрчлэн эдгээрт нийцүүлж гаргасан аливаа захиргааны эрх зүйн хэм хэмжээнд захирагдах, сахин биелүүлэх үүрэгтэй гэдэгт энэ зарчмын мөн чанар оршино:
·         Төр, иргэн харилцан хариуцлага үүрэглэх зарчим: захиргааны эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд төр, иргэн харилцан эрх тэгш хариуцлага үүрэглэх болно. Хэрэв төрийн албан хаагчид захиргааны эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн бол тэд мөн хариуцлага хүлээнэ.
·         Төрийн байгууллын суурь үндсийг хүлээн зөвшөөрөх зарчим: ямар төрийн байгуулалтай улс байна, тэр хүрээнд захиргааны эрх зүйн хэм хэмжээ боловсруулагдаж бас хэрэгжиж байх ёстой.
·         Хүмүүнлэг, энэрэнгүй байх зарчим: удирдлага, захиргааны үйл ажиллагааны чанарыг үнэлэхдээ хүний эрх, эрх чөлөөг тэргүүн зэрэгт тавьж байх ёстой. Өөрөөр хэлбэл, нийгмийн үнэт зүйлийг бүхнээс дээгүүрт авч үзнэ гэсэн үг юм.
·         Шударга байх зарчим: удирдлага, захиргааны субьектуудын хооронд харилцааны нийтлэг бөгөөд нийцтэй шаардлага тавигддаг байх нь энэ зарчмын суурь юм. 
·         Хууль, шүүхийн өмнө иргэд харилцан эрх тэгш байх зарчим: удирдлага, захиргааны харилцааны хүрээнд үндэс, угсаа, яс, арьс өнгө, хэл яриа, үүсэл, хөрөнгийн болон албан тушаалын байдал, оршин суугаа газар, шашин шүтлэг, итгэл бишрэл үл харгалзан харилцан эрх тэгш байх хэрэгтэй.
Ерөнхийд нь үйтгэж хэлэхэд захиргааны эрх зүйн зарчмыг хэрэгжүүлэх дараах хоёр үндсэн арга байна. Үүнд:
·         Эрх зүйн хэм хэмжээний зүйл нэг бүрт оруулах бичвэрчилсэн арга:
Эрх зүйн хэм хэмжээнд агуулгын хувьд уялгачлан оруулах утгачилсан арга байна.

Tuesday, October 3, 2017

ЛЕКЦ- 6 ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖ

Захиргааны эрх зүйн хэм хэмжээ агуулсан, захиргааны үйл ажиллагааг зохицуулагч, төрийн байгууллагаас гаргасан хууль зүйн актыг захиргааны эрх зүйн эх сурвалж гэж нэрлэдэг. Захиргааны эрх зүйн эх сурвалж бичмэл хэлбэртэй байдаг. Үндсэн хууль, салбар хууль тэрчлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын хууль тогтоомжид нийцүүлж гаргасан үйл ажиллагааны журам, заавар, аливаа шийдвэр нь захиргааны эрх зүйн эх сурвалж болдог байна.
Ерөнхийд нь захиргааны эрх зүйн эх сурвалжийг
·         Хууль тогтоомж:
·         Хуульд нийцүүлж гаргасан эрх зүйн акт гэх хоёр бүлд хуваан үздэг.
Эдгээрээс гадна, захиргааны эрх зүйн эх сурвалжийг
·         Эх буюу үндсэн хууль:
·         Нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенц:
·         Эх буюу үндсэн хуульд суурилсан салбар хууль
Эх болон салбар хуульд нийцүүлж гаргасан захиргааны акт гэх төрөлд бас ангилан авч үздэг. 

Monday, October 2, 2017

ЛЕКЦ-4 ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙГ СУДЛАХ ҮНДСЭН ХАНДЛАГУУД

Шинжлэх ухааны мэдлэгийн үүсэл, хөгжлийн явцад тухайн ухааныг ямар үзэл онол, хандлагын үүднээс авч үзэж, судлах вэ гэдэг асуудал нэг бус удаа тавигддаг. Тэр бүрт судлаачид харилцан адилгүй санал дэвшүүлсэн байдаг. Ерөнхийд нь үйтгэж хэлэхэд захиргааны эрх зүйг судлах дараах үндсэн гурван хандлага байна гэж үзэж болно. Үүнд:
·         Захиргааны эрх зүйг судлах хууль цаазын хандлага:
·         Захиргааны эрх зүйг судлах улс төрийн буюу удирдлагын хандлага:
·         Захиргааны эрх зүйг судлах холимог хандлага гэж байна.
Захиргааны эрх зүйг судлах хууль цаазын хандлага: энэ хандлагын цолгорсон төлөөлөгчид нь Жон Локк, Томас Хоббс, Лорэнц фон Штэйн, Робэрт фон Мойль нарын хүмүүс болно. Эдгээр эрдэмтэд захиргааны эрх зүй нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн захиргааны хэм хэмжээний цогц мөн бөгөөд цэвэр хууль цаазын ухаан болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааг зохицуулах хэм хэмжээнд гол ач холбогдлоо өгч, бусад тал, өнцөгт төдийлөн анхаарал хандуулаагүй байна.
Захиргааны эрх зүйг судлах улс төрийн буюу удирдлагын хандлага: захиргааны эрх зүй бол юуны түрүүнд удирдлага, түүнтэй хамааралтайгаар бий болох үйл ажиллагаа мөн. Энэ утгаараа төрийн бүхий л үйл ажиллагаа удирдлагын цогц харилцаа болно. Энэ үүднээс уг хандлагын эрдэмтэд асуудалд ханддаг.
Захиргааны эрх зүйг судлах холимог хандлага: сүүлийн жилүүдэд энэ хандлага захиргааны эрх зүйн судалгаанд хүч түрэх болно. Захиргааны эрх зүй бол нэг талаас, удирдлагын, нөгөө талаас, хууль цаазын хэм хэмжээнд дулдуйдсан харилцаа болно. Өөрөөр хэлбэл, захиргааны эрх зүй хосолмол шинжтэй гэсэн санааг энэ хандлагыг хөгжүүлэгчид дэвшүүлдэг байна.
Ерөнхийд нь үйтгэж хэлэхэд дээрх гурван хандлагын хүрээнд захиргааны эрх зүй, үүсэл хөгжил, үндсэн ойлголт, тэдгээрийн харилцаа, хамаарлыг судлах болсон гэдгийг онцолмоор байна.
Эх сурвалжийн жагсаалт

Долгорсүрэн, Ж. (2001 он). Монгол улсын захиргааны эрх зүй, захиргааны процессын ажиллагаа. Улаанбаатар хот.

ЛЕКЦ-3 ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ЗОХИЦУУЛАХ ЗҮЙЛ, ТОГТОЛЦОО

Захиргааны эрх зүйн тухай ойлголт шинжлэх ухааны төвшинд XIX-XX зууны зааг үед бий болсон гэж үздэг. Хэдий энэ мэт боловч захиргааны эрх зүйн угтвар хөгжил болох цагдаагийн эрх зүй XVI зууны үед камералистик ухааны хүрээнд үүссэн. Энэ үеийн гол төлөөлөгчид нь Г. Обрехт, М. Оссе, Е. Фон Зонненфельс, Р. Моль, И. Пюттер, Л. Фон Штэйн, И. Юсти нарын хүмүүс юм. Цагдаагийн эрх зүй нь улс орны дотоодод хэв журмыг хангах, гадны халдлагаас улсын аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээгч дотоод удирдлага буюу цагдаагийн удирдлагад онцгой анхаарал хандуулж байсан бөгөөд уг удирдлагын харилцааг зохицуулах хэм хэмжээ гэдэг утгаар ойлгогдож байжээ. Харин XIX зуун гэхэд уг ухааныг “захиргааны эрх зүй” гэх өнөөгчилсөн ойлголтоор илэрхийлэх бас ойлгох болсон. Энэ үндсийг цүглэгчдийн нэг нь Германы хайв эрдэмтэн, Страусбург, Лейпцигийн Их Сургуулийн профессор Отто Майер (Otto Mayer), түүний “Германы захиргааны эрх зүй(Deutsches Verwaltungsrecht, 1895-1896) нэрт бүтээл болно.
Захиргааны эрх зүй гэдэг нь төрийн удирдлага, гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжих явцад захиргааны эрх зүйн субьектууд харилцан хамтран ажиллах, захиргааны үйл ажиллагаа тодорхой хэлбэр, аргаар өрнүүлэх, хариуцлага хүлээх, хяналт шалтгалт хийгдэхтэй холбогдон үүссэн нийгмийн харилцааг зохицуулагч эрх зүйн хэм хэмжээний тогтолцоот нийлбэр мөн (Долгорсүрэн, 2001 он, хууд. 17).  Захиргааны эрх зүй хичээлийн хүрээнд захиргааны эрх зүйн хүрээнд орших зүй тогтлыг судлах уг шинжлэх ухааны үүсэл, хөгжил, үндсэн ойлголт, тэдгээрийн харилцан хамаарлын авч үзэх болно. Захиргааны эрх зүйн шинжлэх ухаан XIX-XX зууны зааг үед эрх зүйн баялаг уламжлал бүхий Европын Англи, Франц, Герман мэтийн орнуудад үүсвэрлэсэн. Хөгжлийн явцад өнөөгийн төрхөө олсон байна.
Шинжлэх ухааны мэдлэг болохын хувьд захиргааны эрх зүйн харилцаагаар зохицуулагдах нэгэн төрлийн удирдлагын харилцаа захиргааны эрх зүйн зохицуулах зүйл болдог. Өргөн хүрээнд авч үзвэл улсын салбарын болон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны алба хашихтай холбогдсон харилцааг зохицуулах хэм хэмжээ, захиргааны үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй холбогдож зөвхөн нийтийн ашиг сонирхлын байгууллага, төрийн удирдлагын хүрээнд үүсч буй нийгмийн харилцааг зохицуулдаг эрх зүйн бүрдүүлбэр болно.
Захиргааны эрх зүйн зохицуулах зүйлийг дараах байдлаар ангилах боломжтой. Үүнд:
·                     Гүйцэтгэх эрх мэдлийн зорилт, чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдах харилцаа:
·                     Нутгийн захиргааны байгууллагатай холбогдон үүсэх удирдах харилцаа:
·                     Хууль тогтоох, шүүх болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хооронд үүсэх дотоод зохион байгуулалтын шинжтэй удирдах харилцаа:
·                     Төрийн бус болон нийтийн эрх ашгийг байгууллага хооронд эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдах харилцаа зэрэг болно.
Захиргааны эрх зүйн зохицуулах зүйл дараах аргаар дамжин хэрэгжинэ. Үүнд:
·                     Засаглан захирах арга:
·                     Зохицох арга:
·                     Зөвшин тохирох арга:
·                     Тэгш харилцах арга болно.

Эх сурвалжийн жагсаалт

Долгорсүрэн, Ж. (2001 он). Монгол улсын захиргааны эрх зүй, захиргааны процессын ажиллагаа. Улаанбаатар хот.