Эрх зүйн бүл хэмээх ойлголт нь харьцуулсан эрх зүй судлалын
тулгуур ойлголтын нэг билээ. Улс үндэстний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэгч эрх
зүйн эх сурвалжийн нийлбэр цогцыг эрх зүйн бүл гэж нэрлэдэг.
Эрх зүйн бүл хэмээх ойлголтыг анхлан Германы эрдэмтэн
Готфрид Лейбниц 1667 онд латин хэлнээ хэвлэгдсэн Nova Methodus Discendae
Docendaeque Iurisprudentiae (Хууль цаазыг судлах, заах
шинэ аргууд) бүтээлдээ ашигласан байна. Уг
бүтээлийн «Theatrum
legale als Projekt einerumfassenden Darstellung des Rechts aller Völker, Länder
und Zeiten» (Эрх зүйг төсөл болгон авч үзэх нь: Бүх цаг
үеийн ард түмэн, улс орнуудын тухай) нэрт долдугаар бүлэгтээ өгүүлсэн байна. Гарвал
зүйн генетик хандлагад тулгуурлан улс орнуудын эрх зүйн уламжлалыг судлаж үзээд
тэдгээрийг адил, төстэй шинжид тулгуурлан бүлэглэж, түүнийгээ эрх зүйн бүл
хэмээн нэрлэжээ. Үүнээс өмнө дэлхийн улс орнуудын хэлний тогтоцыг харьцуулан
судлаад хэл зүйн бүл гэх ойлголтыг бий болгосон байна.
Эрх зүйн бүл бүр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Харьцуулсан
эрх зүйд эрх зйн бүл бүрийн адил төстэй болон ялгаатай шинж чанарыг судлах
замаар эрх зүйн тогтолцоонд ангилал хийдэг байна. Ийнхүү эрх зүйн бүл гэж
нэрлэгдсэн эрх зүйн тогтолцоо бий болдог байна. Эрх зүйн бүлийн ангилахдаа
дараах хэмжүүрийг удирдлага болгодог. Үүнд:
Эрх зүйн эрх сурвалж хоорондын харилцаа
Шүүн таслах үйл ажиллагааны онцлог
Эрх зүйн тогтолцооны үүсэл хөгжил
Үүнээс гадна, эрх зүйн бүлийн талаар нэгдсэн ойлголт
бий болгох нь эрх зүйн тодорхой үзэгдэл, үйл явцыг судлах, гадны орнуудын
туршлагыг танин мэдэх, хүн төрөлхтний эрх зүйн хөгжлийн ерөнхий зүй тогтол,
хандлагыг ойлгох, эрх зүйн болон улс төрийн соёлын талаар ерөнхий үзэл
төлөвшихөд тусалдаг байна.
Эрх зүйн бүлийн талаар олонд түгсэн нэлээд үндэслэлтэй
ангилалыг Парижийн их сургуулийн профессор Рене Дэвид (1906-1990 он) 1946 онд
нийтлүүлсэн “Орчин үеийн эрх зүйн үндсэн бүл” нэртээ зохиолдоо
өгүүлсэн байна. Тэрээр үзэл суртлын болон хууль, эрх зүйн гэсэн хоёр шалгуурыг
үндэслэл болгон дараах эрх зүйн бүл байж болохыг санал болгосон байна. Үүнд:
·
Роман-Германы эрх зүйн бүл:
·
Англо-саксоны эрх зүйн бүл:
·
Шашны эрх зүйн бүл (Исламын,
Иудейн гэх мэт):
·
Социалист эрх зүйн бүл:
·
Уламжлалт эрх зүйн бүл:
·
Бусад эрх зүйн бүл орно.
Хамбургийн
их сургуулийн профессор, Холбооны улсын үндсэн хуулийн цэцийн гишүүн асан
Конрад Цвайгэрт (1911-1996 он), Олон улсын
эрх зүйн Макс-Планк Хүрээлэнгийн захирал, Хамбургийн их сургуулийн профессор
Хайн Д. Кэтц (1935 он) нар эрх
зүйн тогтолцооны түүхэн бүрдэл, хууль зүйн сэтгэлгээний онцлог, эрх зүйн
институтын онцлог, эрх зүйн эх сурвалжийн мөн чанар, тайлбарлах арга, үзэл
суртлын хүчин зүйл гэх таван хэмжүүр түшиглэн эрх зүйн бүлийг дараах төрөлд
ангилсан байна. Үүнд:
·
Романы:
·
Германы:
·
Скандиновын:
·
Англо-Америкийн:
·
Социалист:
·
Исламын:
·
Энэтхэгийн гэх долоон бүлд хуваасан (Konrad Zweigert und Hein
Kötz, 1996, pp. 100-732) .
Зөвлөлт
Узбекийн нэрт эрх зүйч Акмаль Холматович Саидов (1958 он) эрх зүйн
тогтолцооны түүхэн хөгжил, эрх зүйн эх сурвалжийн тогтолцоо, эрх зүйн институт,
салбар гэх гурван хэмжүүрт тулгуурлан эрх зүйн бүлийг дараах төрөлд ангилсан
байна. Үүнд:
·
Роман-Германы:
·
Ерөнхий эрх зүйн:
·
Скандиновын:
·
Латин-Америкийн:
·
Исламын:
·
Энэтхэгийн:
·
Ердийн эрх зүйн:
·
Алс Дорнодын хэмээн хуваасан байна (Саидов, 1985, хуудсд.
52-56) .
Үүний дараа Зөвлөлтийн
болон Оросын цолгорсон эрх зүйч Сергей Сергеевич Алексеев (1924-2013 он) субьектив
эрх зүй, шүүн таслах үйл ажиллагаа, эрх зүйн үзэл суртал гэх гурван зүйлийг
удирдлага болгон эрх зүйн бүлийг дараах дөрвөн төрөлд ангилсан. Үүнд:
Тивийн Европын буюу Роман-Германы
эрх зүйн бүл:
Англо-Саксоны эрх зүйн бүл:
Уламжлалт шашны тогтолцооны бүл:
Үзэл сурталжсан тогтолцооны бүл
болно.
Орчин үед
эрх зүйн бүлийг хэрхэн ангилах тухайд судлаачдын дунд нэгдсэн үзэл бодол
төлөвшиж чадаагүй байна. Гэхдээ ерөнхийд нь Англосаксоны болон Роман-Германы
гэж хоёр төрөлд ангилах хандлага түгээмэл байна.
Англосаксоны
эрх зүйн бүл
Англи,
түүний колонийн эзэмшил нутаг байсан орнууд дахь эрх зүйн уламжлалыг бүхэлд нь
Англосаксоны эрх зүйн бүл гэж нэрлэдэг. Үүсэл, гарвалийн хувьд дундад зууны үед
Англид бүрэлдэн бий болсон. Эрх зүйн бүлийн үндсэн эх сурвалж нь Английн эрх
зүй болно. Газар зүйн хамаадлын хувьд Англосаксоны эрх зүйн бүлийг Английн
болон Америкийн гэх хоёр салбарт ангилдаг. Эдгээр бүр нь өөр өөрийн гэсэн
онцлог шинжтэй. Хойд Америкийн эрх зүйн уламжлал нь тусгаар тогтнолоо тунхаглан
зарласнаас хойш Английн бусад колонийн эзэмшлээс ихээхэн онцлогтой хөгжиж
ирсэн. Үүнтэй холбоотойгоор зарим судлаачдын зүгээс Англи, АНУ-ыг харилцан
адилгүй эрх зүйн уламжлал бүхий орнууд гэж үзэх тохиолдол байдаг. Англосаксоны
эрх зүйн бүлийн онцлог шинж нь шүүхийн прецедентэд эрх зүйн бусад эх сурвалжаас
илүү ач холбогдол өгдөг, процессийн эрх зүйг чухалчилдаг, нийтийн болон хувийн
эрх зүйг хатуу зааглан авч үздэггүй зэрэг нийтлэг шинжтэй. Нэмж хэлэхэд шүүхийн
прецедентийг эрх зүйн үндсэн эх сурвалж гэж үздэг байна. Эрх зүйн эх сурвалж
дотор эрх зүйн номлол томоохон байр суурь эзэлдэг онцлогтой. Үүний зэрэгцээ
шүүхийн прецедентийг ач холбогдлоор нь, эсвэл уг баримтыг гаргаж буй субьектаар
нь эрэмблэж авч үздэг байна. Дэлхийн нийт хүн амын гурван хүн тутмын нэг энэ эрх
зүйн бүлд захирагдаж амьдардаг. Хойд Ирланд, Канад, АВстрали, Шинэ Зеланд зэрэг
орнууд багтдаг.
Роман-Германы
эрх зүйн бүл
Ромын эрх
зүйн уламжлал дээр тулгуурлсан хөгжсөн нийтлэг шинж бүхий эрх зүйн тогтолцоотой
орнуудыг нэрлэх нэршил болно. Орос мэтийн Европ тивийн бүр орнуудыг багтаасан
өмнөх Англосаксоны эрх зүйн бүлийн эсрэг тогтолцоо болно. Эрх зүйн үндсэн эх
сурвалж нь хууль болно. Эрх зүйн хэм хэмжээг салбар салбараар нь хатуу зааглан
авч үздэг. Юуны түрүүнд бүх эрх зүйг нийтийн болон хувийн гэх хоёр дэд
тогтолцоонд ангилдаг.
Нийтийн эрх зүйд захиргааны, эрүүгийн, үндсэн хуулийн
болон олон улсын эрх зүйг хамааруулан авч үздэг. Харин хувийн эрх зүйд иргэний,
гэр бүлийн болон хөдөлмөрийн эрх зүйг хамруулан ойлгодог. Төрийн эрх мэдлийн
хүрээнд хууль тогтоох болон хууль хэрэглэх чиг үүргийг хатуу зааглан авч үздэг.
Хууль тогтоох эрх мэдэл хууль тогтоох хуралд хадгалагдана. Энэ бүлийн ихэнх
орнууд бичмэл үндсэн хуультай байдаг. Түүхэн талаас авч үзвэл Роман-Германы эрх
зүйн бүл НТӨ IX зуунаас
эхтэй. Гайн хууль, 12 хүснэгтийн хууль зэрэг эрх зүйн бүрдүүлбэр энэ үед
бүрэлдсэн байна. Үүний зэрэгцээ, эзэн хааны зарлиг, чимин, Сенатын тушаал,
шийдвэр зэрэг олон эрх зүйн акт гарч байсан нь уг эрх зүйн бүлийг агуулгыг
хувьд баяжуулсан байна.
Роман-Германы
эрх зүйн бүлийг үүсэл, хөгжлийн хувьд судлаачид сонгодогоос өмнөх үеийн ромын
эрх зүй, сонгодог үеийн ромын эрх зүй, сүүл үеийн сонгодог ромын эрх зүй,
сонгодогийн дараах ромын эрх зүй гэж дөрөв ангилдаг байна.
Роман-Германы эрх зүйн бүлд дараах бүлэг орнууд
багтдаг. Үүнд:
Романы эрх зүйн бүлийн орнууд (Франц,
Бельги, Испани, Люксембург, Монако, Нидерланд, Румын, Филиппин, Латин Америкийн
орнууд, Францын колони байсан Африкийн орнууд, Ойрх, Дорнодын орнууд):
Германы эрх
зүйн бүлийн орнууд (Герман,
Австри, Армени, Бразил, Унгар, Грек, Индонези, Казахстан, Латви, Португали,
Орос, Словак, Тайланд, Турк, Украйн, Швейцарь, Эстони, Өмнөд Солонгос, Япон):
Скандиновын эрх зүйн бүлийн орнууд (Дани,
Исланд, Норвеги, Финлянд, Швед):
Эрх зүйн
бүлийн талаар товчилбор өгүүлэхэд ийм бөлгээ. Эрхэм оюутнууд тус тусын мэдэх
гадаад хэлээр хичээн судлахыг хүсье.
Эх сурвалжийн жагсаалт
Konrad Zweigert und Hein Kötz.
(1996). Einführung in die Rechtsvergleichung auf dem Gebiete des
Privatrechts. Tübingen: J.C.B. Mohr (Paul Siebeck).
Саидов, А. Х. (1985). Типология и классификация
правовых систем совремменности. Правоведение, №2.
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ,
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР